logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Нийслэлийн авто замын сангийн орлого сүүлийн 5 жилд 5.5 дахин өсөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 27 17:39
    Нийслэлийн төсвөөс ирэх онд хөрөнгө оруулалтын зардалд нийт 1.5 их наяд төгрөг зарцуулахаас 72 хувийг дэд бүтэц, авто зам, нийтийн тээврийн салбарт чиглүүлнэ

    Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд авто замын сангийн орлого ₮362.2 тэрбумд хүрэхээр тооцоолсон байна. Энэ нь 2026 оны орлогоос ойролцоогоор 6 хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн таван жилд 5.5 дахин өсөхөөр байна. 2027 оны хувьд орлогын гол эх үүсвэр нь автотээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний зөрчлийн торгууль байх аж.

    Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар ₮153 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөр ₮104.4 тэрбум, замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиар ₮99 тэрбум орчим төвлөрүүлэхээр тооцоолжээ. Мөн нийслэлийн өмчийн 107 төлбөртэй зогсоолын орлогоос ₮4.1 тэрбум, товчоодын хураамжаас ₮1.6 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

    Харин дугаарын хязгаарлалттай өдрүүдэд ногдох авто зам ашигласны төлбөрийг ирэх оны төлбөрөөс хасаж тооцох шийдвэр нь нийслэлийн төсвийн орлогод нийт ₮4.5 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлэхээр байгааг төсвийн эх сурвалжид дурдсан байна. 

    Нийслэлийн 2,000 гаруй иргэнийг хамруулсан судалгаагаар замын түгжрэл хотын тулгамдсан асуудлын хамгийн өндөр үнэлгээг авсан. Иргэд 1-5 оноогоор үнэлэхэд түгжрэлийн дундаж үнэлгээ 4.62 гарсан бөгөөд оролцогчдын 89 хувь нь үүнийг “ноцтой” болон “маш ноцтой” асуудал гэж үзсэн байна. Харин нийтийн тээврийн чанар, хүртээмжийн дундаж үнэлгээ 3.16 оноо байжээ.

    Нийтийн тээврийг хотын зорчих хөдөлгөөний гол хэрэгсэл болгох зорилтын хүрээнд 2027 онд энэ салбарт ₮463.9 тэрбумыг зарцуулахаар тооцоолсон нь 2026 оноос 12 хувиар өссөн дүн юм. Үүний дотор 13.2 км урт их багтаамжийн нийтийн тээврийн төсөлд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

    Нийслэлийн төсвөөс ирэх онд хөрөнгө оруулалтын зардалд нийт 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 72 хувийг дэд бүтэц, авто зам, нийтийн тээврийн салбарт чиглүүлнэ. Түгжрэлийг бууруулах холбоос замуудыг нэн тэргүүнд барихаас гадна нийт 37.4 км авто замыг шинээр барих болон өргөтгөхөөр тус тус тооцоолсон байна.