
Зургийг: David Ryder/Bloomberg
(Bloomberg) -- “Boeing” компани “China Southern Airlines”-ийн охин компаниас 50 ширхэг “737-8 Max” загварын онгоцны захиалга хүлээн авснаа мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын талаас сүүлийн жилүүдэд хийсэн анхны томоохон худалдан авалт болж буйг онцолж байна.
Нийт худалдан авалтын дүн 7.4 тэрбум ам.доллар боловч “Boeing”-ийн хөнгөлөлтийг оруулж тооцсоноор гэрээний эцсийн дүн үүнээс бага байхыг дурджээ. Шинэ онгоцнууд нь БНХАУ-ын агаарын тээврийн компаниудын насжилт өндөртэй онгоцны паркийг шинэчлэхэд дэмжлэг болно гэж “Xiamen Airlines” компани мэдээлсэн байна.
БНХАУ энэ оны эхээр “Boeing”-оос хэдэн зуун онгоц худалдан авах амлалт өгсөн ч тоо хэмжээ, нөхцөл нь тодорхойгүй хэвээр байсан аж.
Харин даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ нэмж 250 онгоц худалдан авна гэж хүлээж буй талаар мэдэгдсэн юм. Ингэвэл нийт захиалгын тоо анх яригдаж байсан 500 орчим онгоцонд дөхөх боломжтой юм байна.