
Зургийг: AP/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины эсрэг эхлүүлсэн дайны улмаас хөдөлмөрийн насны орос эрчүүдийн нас баралт эрс нэмэгдэж, хүн амын бууралтыг сааруулах төрийн бодлогод сөргөөр нөлөөлж байна.
ОХУ-ын Статистикийн холбооны алба буюу “Росстат”-ын нийтэд ил болоогүй бүртгэлд хийсэн дүн шинжилгээгээр 2025 онд тус улсын ихэнх бүс нутагт төрсөн хөдөлмөрийн насны эрчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь Украины дайн болжээ. Тухайлбал: улсын хэмжээнд 40-өөс доош насны эрчүүдийн нийт нас баралтын талаас илүү хувь нь дайнтай холбоотой байсан бол ахимаг насны эрчүүдийн дайнд оролцох явдал ч нэмэгдсэн байна. Бусад эх сурвалжид тулгуурласан мэдээллээр ОХУ-ын армийн хохирол 2026 онд улам өсжээ. Кремль болон “Росстат”-ын хэвлэлийн төлөөлөгчид “Bloomberg”-ийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Владимир Путин Украинд амь үрэгдсэн орос цэргүүдийн тоо, дайны хохирлын цар хүрээг хүлээн зөвшөөрөхөөс аль болох зайлсхийж, улс орны өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилж байгаа дүр зургийг харуулахыг эрмэлзэж буй. Гэвч дайны улмаас ОХУ-ын нийгэмд учирч буй хохирол улам нэмэгдэж байгааг тус мэдээлэл харуулж байна.
“Bloomberg” өмнө нь 2022 оны хоёрдугаар сараас 2026 оны наймдугаар сарын хооронд дайны улмаас ОХУ-ын 400 мянга орчим хүн амь үрэгдсэн талаар мэдээлсэн юм. Энэхүү тооцоолол нь Беларусын сөрөг хүчнийг дэмжигч “Cyber Partisans” бүлэг болон Украины “Silent Crow” хакерын ажиллагааны олж авсан 11 сая гаруй нас барсны гэрчилгээний мэдээлэлд үндэслэжээ. Дээрх мэдээллийг энэ сарын эхээр “Bloomberg” болон бусад цөөн тооны хэвлэл мэдээллийн байгууллагад дамжуулсан байна. Нас баралтын бүртгэлд хугацааны хоцрогдол гардаг, мөн байлдааны талбараас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг татан авахад хүндрэлтэй байдаг тул бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай аж.
Дайнд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж буй нь ОХУ-ын хүн ам зүйн хямралыг улам гүнзгийрүүлж байна. “Росстат”-ын 2023 онд нийтэлсэн төсөөллөөр тус улсын хүн ам ойрын 20 жилд 6.5 сая орчмоор цөөрч, 139 сая орчим хүрэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын бизнесийн мэдээллийн хараат бус хэвлэл “The Bell”-ийн 2024 оны тооцооллоор Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш 650 мянга орчим орос иргэн эх орноосоо бүрмөсөн явжээ. Мөн хэдэн зуун мянган хүн дайны үеэр хүнд шархадсан байна.
Хүн амын бууралт нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, зэвсэгт хүчинд шаардлагатай хүн хүчийг бүрдүүлэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй. Үүнээс улбаалан Владимир Путин хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлж, олон хүүхэдтэй өрхийн ипотекийн зээлд дэмжлэг үзүүлэх зэрэг төрөлтийг дэмжих арга хэмжээ аваад байгаа юм.

Түүнчлэн шинжилгээнээс үзвэл Кремль Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотын оршин суугчдыг дайны хамгийн хүнд үр дагавраас хамгаалахыг эрмэлзэж байж болзошгүй байна. Оросын улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс болон томоохон компаниуд эдгээр хоёр хотод төвлөрдөг тул улс төрийн дэмжлэгээ хадгалах нь Кремлийн хувьд чухал ач холбогдолтой байх магадлалтай аж.
Дайны хохирол ОХУ-ын зүүн хэсгийн алслагдсан, орлого багатай бүс нутгуудад илүү хүндээр туссан байна. “Росстат”-ын нийтэд ил болоогүй бүртгэлээс үзвэл 2025 онд Алс Дорнод болон Сибирьт төрсөн 40-өөс доош насны эрчүүдийн нийт нас баралтын гуравны хоёр орчим хувь нь дайнтай холбоотой байжээ.
Харин Москвад төрсөн ижил насны эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт гуравны нэгээс бага байна. Энэхүү ялгаа 18–59 насны эрчүүдийн нас баралтын үзүүлэлтийг 2021 оны хүн амын сүүлийн тооллогын дүнтэй харьцуулахад бүр ч тод харагдаж байна. Тухайлбал: Москва хотод хөдөлмөрийн насны 1000 эрэгтэй тутмын нэг орчим нь дайнд амь үрэгдсэн бол БНХАУ-тай хиллэдэг Өвөр Байгалийн хязгаарт нас баралтын түвшин үүнээс бараг 30 дахин өндөр байгаа юм.
“Bloomberg” нас барсан хүмүүсийн оршин суугаа газрын мэдээлэл харьцангуй дутуу байсан тул төрсөн бүс нутгаар нь ангилан судалжээ. Хэдий тийм боловч тухайн хүний төрсөн газар нь дайнд явахаасаа өмнө амьдарч байсан бүс нутагтай заавал давхцахгүйг онцолсон байна.