
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмнийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, хүнд, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд, сошиал ертөнцөд орж, янз янзын асуудал ярьж, бичээд байх боломжгүй байхгүй. Ярих юм гэж байна, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаг. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй.
Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд, үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна. Үүнд санал нэг байна. Төрийн тэргүүн бол үүрэгт ажлаа өгөөд үнэн, худлаа тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлэхийг хүсэж байна. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ямар нэгэн бодлогын алдаа гаргаагүй. Дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон улсын Төрийн тэргүүнүүд Монгол Улсад Төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжсэнийг сүүлийн таван жилийн хугацаанд харсан байх гэж бодож байна. Монгол Улсын Ерөнийлөгч үнэн мөний төлөө ажиллана. Шударга ёс тогтоохын төлөө өөрийн эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна" гэж мэдэгдлээ.