
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа түүний чөлөөлөгдөх өргөдлийг УИХ-д өргөн барив. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг шуурхай хурал зарлаад байна. Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөл лхагва гарагт хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээ мэдээллээ.
Мөн лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ шийдвэрлүүлэхээр төлөвлөж буйг тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Ерөнхийлөгч "Явах цагтаа явж, ирэх цагтаа ирж чадна" гэсэн байр суурь илэрхийлсэн. Монгол Ардын Намын бүлэгт чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулаад "Та нар дэмжиж өгөөрэй" гэж хүссэн" гэж мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд нэр төрд халдсан үйл явдлууд удаа дараа өрнөж буй”-г онцолсон юм. Сүүлийн нэг сарын хугацаанд түүний нэр төр болон Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал болж байгааг мөн тодотгов.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байгаа нь ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцааны нэр хүндэд халдсан хэрэг болж байна. Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Төрийн тэргүүний ажлаа өгөөд үнэнийг тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурьтай санал нэгдэж байна” гэдгээ илэрхийлсэн юм.
Одоогийн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан.
Монгол Улс Парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгч Төрийн тэргүүн, эв нэгдлийн илэрхийлэгч бөгөөд Үндсэн хууль, хуулиар тусгайлан олгосон эрх мэдлээ хэрэгжүүлнэ.
Хуулиар Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол УИХ-ын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсноо мөн мэдээллээ. Тэрбээр үүрэгт ажлаа өгөөд, нэр холбогдсон асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ тодотгов.
Мөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаснаа мэдээлсэн бол Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргасан"-аа мэдэгдээд байгаа юм.