logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Түүхэн дэх хамгийн өндөр зарлагатай буюу ₮41.6 их наядын төсвийг УИХ батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 15:10
    16

    Зургийг: parliament.mn

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих төсөв батлагдлаа

    Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

    Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 39.3 их наяд төгрөг байх бол нийт зарлагын дээд хэмжээ 41.6 их наяд төгрөг байна. Ингэснээр ирэх оны төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Алдагдлын хэмжээ 2026 оны батлагдсан төсвөөс 1.5 их наяд төгрөгөөр, тодотголоор өөрчилсөн дүнгээс 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Харин нийт зарлагын хэмжээ 2026 оны дүнгээс 8.7 их наяд төгрөгөөр тэлээд буй. 

    13-4.JPG

    Ирэх оны төсвийн бодлого иргэдийн бодит орлогыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулахад чиглэж буйг УИХ-ын дарга тодотголоо.

    Татварын хөнгөлөлтөөс гадна жижиг, дунд бизнес болон дундаж орлоготой иргэдийг дэмжихэд зориулж шинээр 1.1 их наяд төгрөгийн зээлийн бүтээгдэхүүн гаргана. Энэ хүрээнд 6000 гаруй бизнес эрхлэгчид жилийн 10 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор төлөвлөж байна.

    13-5.JPG

    Эрүүл мэнд боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Мөн бага ангийнхнаас гадна VI, VII ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна.

    Эрүүл мэндийн салбарт улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжүүлнэ. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн түгээмэл хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлөхөөр баталлаа.

    2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төслийг 3.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолсон байна. Үүн дээр нэмээд орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхийг Сангийн сайд тодотгов.

    Зам тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлнэ. Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлж, хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэх зорилт тавьсныг Сангийн сайд мэдээллээ.

    Үүнээс гадна орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход  дэмжлэг үзүүлнэ. Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих