
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" 2026 оны III улиралд “Mongolian Mining Corporation”-той хамтран эзэмшдэг Баянхөндий алтны уурхайгаас 11,853 унц алт олборлон борлуулж, 51 сая ам.долларын орлого олсноор 9.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласныг “Mongolian Mining Journal” мэдээллээ.
Мөн тус компани аравдугаар сарын дундуур Азийн хараахан хөгжөөгүй хамгийн том молибдений ордуудын нэг болох "Зуун мод" молибден-зэсийн порфирын төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулсныг онцолжээ.
Уурхайн ашиглалтын хугацаа 34 жил үргэлжлэх ба баяжуулах үйлдвэр нь жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, нийт 834.2 сая тонн хүдэр олборлон боловсруулахаар байна. Үйлдвэрлэлийн хугацаанд нийт 672 сая фунт буюу 305 мянган тонн молибден, 947 сая фунт буюу 430 мянган тонн зэс олборлон бэлтгэнэ. Баяжмалын чанарын хувьд молибдены баяжмал нь 53.2 хувийн молибденийн агуулгатай, зэсийн баяжмал нь 27.9 хувийн зэсийн агуулгатай байх ба хортой хольцын хэмжээ маш бага тул бүс нутгийн хайлшны үйлдвэрүүдэд нэн нийцтэй гэж үзжээ. Түүнчлэн анхны хөрөнгө оруулалтад 687 сая ам.доллар шаардагдана гэж үзсэн байна.
Үүнээс гадна "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийн хүрээнд тайлант улиралд нэгж хувьцааг дунджаар 5.57 канад доллароор, нийт 130.3 мянган хувьцааг буцаан худалдан авч, цуцалсныг “Mongolian Mining Journal” мэдээллээ.