
Зургийг: montsame.mn
Монгол Улс 11 дүгээр сарын гурваны байдлаар БНХАУ-тай хиллэдэг авто замын есөн боомтоор 94.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэснийг Зам, тээврийн яам мэдээллээ. Үүний 97 хувийг нүүрс, үлдсэнийг бусад төрлийн эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн БНХАУ руу таван боомтоор 197.2 мянган зорчигч тээвэрлэжээ.
Засгийн газраас хилийн боомтуудыг хөгжүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, төв суурин газруудыг хилийн боомттой хатуу хучилттай авто замаар холбох зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй.
2027 онд Хавирга, Цагааннуур, Булган, Бичигт, Цагаан-Дэл зэрэг таван боомтын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Мөн Арцсуурь, Ханги боомтыг өргөтгөх ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна боомт руу чиглэсэн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт зэрэгт нийт 464 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ирэх оны II улиралд ашиглалтад оруулах бөгөөд одоогоор төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, ирэх онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцоолж байгаа юм.