
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улс гадаад жуулчдын тоо болон жуулчдаас олох орлогын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч 20 улсын тоонд багтсаныг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын тайланд онцолсон байна.
Энэ оны эхний хагас жилд Монголыг зорин ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөөрөө дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 улсын долоодугаарт, Ази, Номхон далайн бүс нутагтаа тавдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Харин энэ он гарсаар 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 925,588 жуулчин Монголд ирсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Дээрх хугацаанд ОХУ-ын 316,095 иргэн, БНХАУ-ын 231,288, БНСУ-ын 164,383 иргэн Монгол Улсыг зорин иржээ. Монголыг зорих жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалын салбараас олох эдийн засгийн бодит өгөөж тогтвортой өсөж буй.
Монгол дахь аяллын зарцуулалт оны эхний хагас жилд 19 хувиар өссөнөөр энэхүү үзүүлэлтээр дэлхийд зургаадугаарт, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Мөн аялал жуулчлалын үйлчилгээнүүдийг төрөлжүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээний үр дүнд нэг сая жуулчин хүлээн авах боломж бүрдэж байгааг салбарын яам тодотгож байна. Нэг сая жуулчин хүлээн авах зорилтдоо хүрэхэд 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны мэдээллээс харж болохоор байгаа юм.