
Зургийг: Brendon Thorne/Bloomberg
(Bloomberg) -- “Rio Tinto” групп Гүйцэтгэх захирал Саймон Троттын хувьсах цалинг 56 хувиар нэмэгдүүлэх шинэ урамшууллын хөтөлбөрийг хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр 2027 онд Саймон Троттын цалин, урамшууллын багц 13.06 сая ам.доллар хүрэх боломжтойг “Mining.com” дурджээ.
Энэхүү санал нь компаниудын удирдах албан тушаалтны цалин урамшуулал нэмэгдэж, чадварлаг боловсон хүчний төлөөх өрсөлдөөн ширүүсэж буй үед яригдаж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан тэрбээр үйл ажиллагаа нь хэт олон чиглэлд тэлсэн уул уурхайн компанийг илүү цомхон, төвлөрсөн болгох ажлыг эрчимжүүлж буй. Үүнд компанийн үндсэн бизнест чухал биш болсон таван тэрбум ам.долларын хөрөнгийг худалдах, оффисын захиргааны ажилтнуудын тоог бууруулах төлөвлөгөө багтаж байна.
Саймон Троттын үндсэн цалин өөрчлөгдөхгүй, хэлэлцээ үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь тус компанийн цалин урамшууллын бодлогод гурван жил тутамд хийдэг тогтмол хяналтын нэг хэсэг тул бүх дээд түвшний удирдлага хамаарах юм.
“Rio Tinto” хөрөнгө оруулагчидтай цалин урамшууллын саналын талаар зөвлөлдөж байгаа гэсэн мэдээллийг баталгаажуулжээ.
“Rio Tinto” группийн бүтэн жилийн тайланд дурдсанаар Саймон Троттын төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан хугацааг багтаасан 2025 оны нийт цалин урамшуулал нь 2.5 сая ам.доллар байсан аж. Үүнээс 930 мянга орчим ам.долларыг нь хувьсах урамшуулал бүрдүүлжээ.