
Зургийг: mlholding.mn
2026 оны III улирлын байдлаар “Монложистикс” группийн борлуулалтын орлого 267.6 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Цэвэр ашиг нь 22.4 хувиар өсөж, 12.4 орчим тэрбум төгрөг хүрчээ.
Нийт ачаа тээврийн хэмжээ 658 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өссөн байна. Ингэхдээ экспортын ачаа тээврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 64.8 хувиар буурсан бол импортынх 18.3 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна. Олон улс дахь ачаа тээврийн хэмжээ 297.2 хувиар эрчимжсэнийг онцолж болохоор байна.
Тайлант улиралд тус бүр 115 тонн жинтэй уурхайн хүдэр бутлах, нунтаглах төхөөрөмжүүдийг Германаас Монгол Улс руу тээвэрлэжээ. Мөн 50 Мвт чадал, 200 МВт/цаг эрчим хүчний багтаамжтай батарейд суурилсан эрчим хүч хуримтлуулах системийн трансформаторын тоног, төхөөрөмж БНХАУ-аас тээвэрлэснийг онцолсон байна.
Тус компанийн хувьцааны ханш он гарсаар 4.7 хувиар буураад байгаа бөгөөд даваа гарагийн арилжааг 180.9 төгрөгт хаалаа.