
Зургийг: Khan bank
“ХААН Банк” ХК 2026 оны III улирлын байдлаар 550.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн дүн боллоо. Зээлийн багц тэлж, хүүгийн орлого нэмэгдсэнтэй зэрэгцэн санхүүжилтийн болон эрсдэлийн сангийн зардал өссөнийг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн санхүүгийн тайлан харуулж байна.
Тайлант хугацаанд тус банкны хүүгийн орлого жилийн өмнөхөөс 25.8 хувиар нэмэгдэж, 2.69 их наяд төгрөг хүрсэн бол хүүгийн зардал нь 35.9 хувиар өсөж, 1.57 орчим их наяд төгрөг болжээ. Ингэснээр хүүгийн цэвэр орлого нь 14 хувиар нэмэгдсэн байна. Харин эрсдэлийн сангийн зардал нь 52.8 хувиар өсөж, 89.2 орчим тэрбум төгрөг хүрчээ.
Есдүгээр сарын эцэст тус банкны зээл цэвэр дүнгээр 20.6 хувиар өсөж, 16.2 их наяд төгрөг хүрсэн байна. Хэвийн бус, эргэлзээтэй, муу ангиллын зээлийн нийлбэр 24.6 хувиар нэмэгдэж, 700 гаруй тэрбум төгрөг болжээ. Эдгээр чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 4.3 хувьтай байна.
“ХААН Банк” ХК-ийн хувьцааны ханш 0.05 хувиар буурч, 2083 төгрөгт хаалаа. 2026 он гарсаар тус банкны хувьцааны ханш 50 гаруй хувиар эрчимжиж, зах зээлийн үнэлгээ нь дөрвөн их наяд төгрөг дөхөөд байна.