
Зургийг: Sendly
“Сэндли ББСБ” ХК-ийн 2026 оны эхний есөн сарын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өсөж, 8.39 орчим тэрбум төгрөг хүрлээ. Нийт зээлийн багц 45.1 хувиар тэлж, 141.81 тэрбум төгрөг болсонтой зэрэгцэн чанаргүй зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 67.9 хувиар өсөж, 10.66 тэрбум төгрөг хүрсэн байна. Ингэснээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 1.02 нэгж хувиар нэмэгдэж, 7.52 орчим хувь болжээ.
Тайлант хугацаанд хугацаа хэтэрсэн зээл 3.38 тэрбум төгрөгөөс 5.61 тэрбум төгрөг болсон байна. Зээлийн эрсдэлийн зардал 52.5 хувиар өсөж, 2.61 тэрбум төгрөг хүрсэн бол хуримтлагдсан эрсдэлийн сан 7.63 тэрбум төгрөг болж, чанаргүй зээлийн 71.6 хувьтай тэнцэж байгаа аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус компани цахим зээлийн үйл ажиллагаанд Fico онооны системийг бүрэн нэвтрүүлж, зээлийн автоматжуулалтыг сайжруулснаа онцолж байсан юм. Мөн уламжлалт зээлийн бүтээгдэхүүний хүрээнд зээлийн мэдээллийн сангийн эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулж, активын чанарт анхаарч буйг тодотгож байв.
III улиралд тус компани бизнесийн болон ногоон зээлд зарцуулахаар “Sendly 3.0” бондыг нээлттэй гаргаж, 12 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм.
Тус компанийн хувьцааны ханш 1.97 хувиар өсөж, 151.67 төгрөгт арилжааг хаалаа.