
Зургийг: Э.Тэнгис
“Монголын Хөрөнгийн бирж” ХК түүхэн дэх хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан эхний гурван улирлаа үдлээ. Тус компани 2026 оны III улирлын байдлаар 13.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 109 хувиар эрчимжсэн дүн болж байна.
Түүнчлэн цэвэр ашиг нь 85 хувиар өсөж, 39 тэрбум төгрөг хүрчээ. Тус компани 2022 оны эцсээр IPO хийж, олон нийтэд нээлттэй болсноос хойш ашигт ажиллагаа нь дөрөв дахин өссөн байна.
Оны эхний есөн сард “Монголын Хөрөнгийн бирж”-ээр 2.3 их наяд төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 135 орчим хувиар өссөн дүн боллоо. Эхний улиралд нийт арилжааны 18.5 хувийг бүрдүүлж байсан компанийн өрийн хэрэгслийн арилжаа III улиралд 60 гаруй хувь давж эрчимжсэнийг онцолж болохоор байна.
Мөн Уул уурхайн биржийн арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш энэ оны эхний есөн сард тус компанийн хүүгийн орлого 5415 хувиар өсөж, 37.8 тэрбум төгрөг хүрчээ. Мөн тус компани 2023 оны III улирлын байдлаар гадаад валютын ханшийн зөрүүнээс 42.6 сая төгрөгийн гарз хүлээж байсан бол I-IX сард 90 сая төгрөгийн ашиг олзтой ажиллажээ.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК 2023 оноос хойш энэ оны эхний есөн сараар эцэслэсэн хугацаанд нийт 45.4 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа зохион байгуулсан байна. 2026 оны эхний гурван улиралд 11.13 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь 2025 оны бүтэн жилийн дүнгээс 51.4 хувиар өндөр дүн болжээ.
2026 оны эхний есөн сард 26.5 сая тонн нүүрс 9.8 орчим их наяд төгрөгөөр арилжаалагдсан нь нийт арилжааны үнийн дүнгийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Үлдсэнийг төмөр, молибден, зэсийн арилжаа бүрдүүлсэн аж.
III улирлын дуудлага худалдаагаар арилжаалагдсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 11.51 хувь байгаа бөгөөд худалдагч компаниуд дээрх үнийн өсөлтөөс нийт 1.17 их наяд төгрөгийн нэмэлт орлого олсон бөгөөд II улиралтай харьцуулахад бараг тав дахин өссөн үзүүлэлт болж байна.
Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 25 хувиар эрчимжсэн нь ТОП-20 индексийн өсөлтөөс гурав орчим хувиар илүүрхсэн дүр зурагтай байгаа юм.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 136.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд тус компанийн 34 хувийг 14 мянга орчим жижиг хувьцаа эзэмшигч, үлдсэн 66 хувийг Сангийн яам эзэмшиж байна.