
Зургийг: Ian Waldie/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн өмчит "China Mineral Resources Group" (CMRG) болон “Rio Tinto” групп ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр нийлүүлэх урт хугацааны гэрээ байгууллаа. Эх сурвалжуудын мэдээлснээр талууд энэ сарын эхээр тохиролцоонд хүрсэн ба ирэх сараас 2028 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд гэрээлсэн байна.
Үүнээс гадна “Rio Tinto” групп Австралийн хойд хэсэгт бокситын олборлолтоо өргөжүүлэхэд 1.9 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулахаар болжээ. Энэ хүрээнд шинээр том уурхай ашиглалтад оруулж, нөөц нь шавхагдаж буй бусад уурхайн олборлолтыг нөхөхөөр төлөвлөсөн байна.
“Kangwinan” бокситын төсөл нь тус бүсийн “Andoom”, “Gove” уурхайнуудын олборлолтыг орлоно гэж “Rio Tinto” мэдэгдлээ. Анхны хүдрийг 2029 онд олборлохоор зорьж буй бөгөөд төсөл хэрэгжсэнээр Квинслэнд мужийн хойд хэсэг дэх уурхайнуудад жилийн хүчин чадал нь 38 сая тонноос 44 сая тонн болж нэмэгдэх тооцоололтой байна.
“Rio Tinto”-ийн уурхайгаас олборлосон бокситын хүдрийг боловсруулж, хөнгөн цагааны исэл гарган авдаг. Үүнийг хайлуулах үйлдвэрүүдэд хүргүүлснээр хөнгөн цагаан үйлдвэрлэдэг байна.