
Зургийг: Guillermo Salgado/Bloomberg
(Bloomberg) -- Чилийн зэсийн олборлолт энэ онд 8-9 хувиар буурах төлөвтэйг тус улсын Сангийн сайд мэдэгдлээ. Энэ нь хүний амь эрсэдсэн ослууд болон цаг агаарын эрс тэс үзэгдлүүд дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орны олборлолтод дарамт учруулж буйг харуулж байна.
Үүнээс өмнө есдүгээр сард олборлолт 2026 онд долоон хувиар буурч, 2027 онд хэсэгчлэн сэргэнэ гэсэн таамгийг танилцуулж байсан юм. Харин сүүлийн төсөөллөөр зэсийн үйлдвэрлэл сүүлийн 20 гаруй жилийн доод түвшинд хүрэхээр байна.
Өнгөрсөн саруудад Чилийн насжилт өндөртэй уурхайнууд хүчтэй шуурганд өртсөнөөс гадна ноцтой ослууд гарснаар үйл ажиллагаа нь улам хүндэрсэн юм. Мөн олон жилийн турш хөрөнгө оруулалт бага байснаас хүдрийн агуулга буурах эрсдэлд олборлолтын салбар бэлтгэж чадаагүйг Чили улсын Сангийн сайд онцолжээ.
Чилийн олборлолтын уналт нь дэлхийн бусад уурхайн гүйцэтгэл тааруу байгаатай давхцаж буй. Ингэснээр дэлхийн олборлосон зэсийн хэмжээ 2017 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурах нөхцөл бүрдэж байна.