
Зургийг: Finn Gomez/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX” болон “Tesla” компанийг нэгтгэх боломжийг судлах тусгай хороод байгуулсан ба энэ нь түүхэн дэх хамгийн том компанийн нэгдэх хэлцлийг эхлүүлэх үйл явцын эхний алхам гэж Илон Маск мэдэгдлээ.
“Компаниудыг нэгтгэвэл олон давуу тал бий болно гэж бодож байна. Супер оюун ухааны программ хангамж хөгжүүлэхэд хамтран ажилласнаар их зүйл хожих боломжтой” гэж Илон Маск мягмар гарагт “SpaceX”-ийн санхүүгийн тайланг танилцуулсан цахим хурлын үеэр онцолсон байна. Мөн хувийн ашиг сонирхолтой зөрчилдөх тул тэрбээр тусгай хороодын хэлэлцүүлэгт оролцохгүй байгаагаа дурджээ.
Дээрх хоёр компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын тоонд багтаж, тус тусын салбартаа давамгай байр суурь эзэлдэг учраас боломжит нэгдлийн цар хүрээ нь асар том юм. “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор хоёр их наяд ам.доллароор хэмжигдэж буй бол “Tesla”-ийнх 1.5 их наяд орчим ам.доллар хүрээд байгаа юм.
Есдүгээр сараар эцэслэсэн III улиралд “SpaceX” компани 4.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн дундаж таамгаас 2.3 дахин өндөр дүн болжээ. Тус компанийн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 161 хувиар эрчимжиж, мөн л хүлээлтийг давсан байна.
Хиймэл оюуны “Super Intelligence” бизнесийнх нь борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс ес гаруй хувиар өсөж, 7.56 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж.
“SpaceX” нь “Anthropic”, “Alphabet” зэрэг компанид тооцоолох хүчин чадал, дэд бүтэц нийлүүлдэг томоохон тоглогч болоод байна. Тус компани наймдугаар сард хиймэл оюунд суурилсан, өргөн хэрэглээний код бичих хэрэгсэл хөгжүүлэгч “Cursor”-ийг худалдан авсан юм.
Эдгээр хүчин зүйл болон Илон Маскийн “xAI” компанийн хөгжүүлсэн “Grok” загваруудын хэрэглээ нэмэгдсэнээр "SpaceX"-ийн хиймэл оюуны бизнес III улиралд 431 сая ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллаж чадсан байна. Жилийн өмнө тус бизнес 1.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байжээ.
Улирлын тайлангаа танилцуулсны дараа “SpaceX”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн цагийн арилжаагаар найман хувиар, “Tesla”-ийнх 1.2 хувиар өссөн байна.