
Зургийг: Anindito Mukerjee/Bloomberg
Санах ойн өртөг өссөнөөр олон улсын хэмжээнд ухаалаг утасны нийлүүлэлт есдүгээр сард 22 хувиар буурлаа. Энэ нь түүхэн дэх хамгийн огцом бууралт болсныг зах зээлийн судалгааны IDC компани мэдээлэв. Цаашид нөхцөл байдал улам сулрах төлөвтэйг мөн дурджээ.
Тодруулбал, хиймэл оюуны салбарын захиалгын эрэлтээс үүдэн сүүлийн нэг жилийн хугацаанд санах ойн өртөг өссөн. Энэ нь гар утасны салбарын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, компаниудыг үнээ нэмэх, төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг бууруулах, хямд үнэтэй загваруудаа зах зээлээс татахад хүргэсэн байна.
Томоохон үйлдвэрлэгчдээс БНХАУ-ын “Xiaomi”, “Oppo” зэрэг брэнд хамгийн их хохирол амссан. Харин “Apple”, “Samsung electronics” зэрэг компани өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн гар утасны өргөн сонголттойн ачаар хохирол бага хүлээснийг тус байгууллага тодотгожээ.
IDC-ийн шинэ таамгаар зах зээлийн өсөлт сэргэх хугацаа наад зах нь 2028 он хүртэл хойшилно. Түүнчлэн одоогийн үзүүлэлтүүдээс харахад зах зээлийн бууралт доод түвшиндээ хараахан хүрээгүй байгааг дурдсан.
Санах ойн өртөг өнгөрсөн оноос хойш нийт 350 орчим хувиар өссөн ба үргэлжлэн өссөөр байгаа нь үйлдвэрлэгчдийн ашгийн түвшин болон нийлүүлэлтэд ихээхэн дарамт учруулж буйг онцоллоо.