
Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg
(Bloomberg) -- “Panasonic Holdings” шилэнд суурилуулах боломжтой бичил нарны зайг олноор үйлдвэрлэх төлөвлөгөөгөө эрчимжүүлж байна. Энэ нь Японы шинэ үеийн нарны технологийг хөгжүүлэх бодлогыг дэмжихээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Шилэнд суурилуулсан перовскит нарны зайн өргөн хүрээний үйлдвэрлэлийг Шига мужийн Нагахама дахь үйлдвэрт 2029 оны дөрөвдүгээр сараас эхлүүлнэ гэж тус компани мягмар гарагт мэдээлжээ. Энэ нь өмнөх төлөвлөгөөнөөс нэг жилээр урагшилсан явдал болж байгаа аж. “Panasonic Holdings” Осака дахь хөгжүүлэлтийн төвдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ есдүгээр сараас худалдаанд гаргаад буй.
Нимгэн, хөнгөн жинтэй перовскит нарны зайг уламжлалт нарны хавтан суурилуулах боломжгүй гадаргууд байрлуулж болно. Энэ утгаараа уулархаг, хүн ам шигүү суурьшсан Япон шиг улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслах аж.
Тус компани “цахилгаан үйлдвэрлэдэг шил”-ний технологио цонх болон барилгын гадна хананд ашиглахыг зорьж байгаа бөгөөд хэмжээ, гэрэл нэвтрүүлэх чадвар, дизайныг хэрэглээнд тохируулан өөрчлөх боломжтой гэдгийг онцолж байна.