
Зургийг: Minh Connors/Bloomberg
Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч “OpenAI” болон “Anthropic” компаниудын өрсөлдөөнийг хэмжихэд хөрөнгө оруулагчдад сорилт тулгарч байна. Хувийн эзэмшлийн хоёр компани зах зээлд анхаарал татаад буй орлогын үзүүлэлтээ ялгаатай аргачлалаар тооцоолж буйтай холбоотой юм.
“OpenAI” энэ оны эцэс гэхэд жилийн дүнгээр тооцсон орлого нь 70 тэрбум ам.доллар хүрэх эсвэл давах таамгийг танилцуулсан. Харин “Anthropic” долоодугаар сард жилийн дүнгээр тооцсон орлого нь 65 тэрбум ам.долларт хүрнэ гэж мэдээлсэн байна.
Гэвч эдгээр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй. Хөрөнгө оруулагчид хоёр компанийн үзүүлэлтийг ижил суурьтай болгохын тулд дахин тооцоолохыг оролдсон ч хангалттай мэдээлэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тухайлбал, “Janney Montgomery Scott” компанийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Марк Лускини "Томоохон тоглогчдын нууцлаг, тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалт хийхэд хүндрэл учруулж байна” гэж мэдэгджээ. “OpenAI” болон “Anthropic” компанийн үйл ажиллагааны тодорхойгүй байдал нь зах зээлд аль хэдийн бий болоод байсан эргэлзээг улам нэмэгдүүлээд байгааг онцоллоо.