
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэлд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулав. Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо.
Талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Мөн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр болныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий консулын газрыг ХБНГУ-ын Франкфурт ам Майн хотноо нээхээр болсон байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Франкфурт ам Майн хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж буй нь манай хоёр орны харилцааны хөгжилд гарч буй бас нэгэн чухал алхам төдийгүй хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл болж байгаа"-г онцоллоо.
Түүнчлэн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Цаашид Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд Монгол Улс анхаарал хандуулна. Мөн хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар холбогдох яамд яриа хэлэлцээ хийж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээллээ.
Харин ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Ногоон шилжилтийг хэрэгжүүлэх, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг энэхүү айлчлалын хүрээнд бүрдүүлж буй”-г онцлоод "Ингэснээр олон жилийн түүхэн уламжлалтай хоёр орны харилцааг орчин үеийн шаардлагад нийцсэн, аливаа сорилтыг даван туулах чадвартай бат бөх суурин дээр хөгжүүлэх боломж бүрдэж байна" гэж тодотгов.