logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр ХБНГУ-тай хамтарна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 09:30
    54

    Зургийг: president.mn

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна

    ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц тус улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-ын “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын Төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцсон байна.

    Мөн 2011 онд байгуулсан ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсаныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

    Түүнчлэн хоёр улсын иргэд хоорондын харилцааг холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

    Үүнээс гадна айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”, Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

    Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

    Түүнчлэн форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн зургаан баримт бичгүүд солилцжээ.

    Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд Монголбанк Германы Холбооны банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн системийн дэд бүтэц, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

    Cэтгэгдэл бичих