
Зургийг: Э.Тэнгис
2026 оны III улиралд Монгол Улс даяарх "CU конвиниенс" дэлгүүрийн тоо 651 болж, үйлчлүүлэгчдийн тоо 62.4 сая хүрээд буйг “Премиум Нэксус” ХК мэдээллээ.
Тус компанийн борлуулалтын орлого оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 24 орчим хувиар өсөж, 725.7 тэрбум төгрөг хүрчээ. Харин цэвэр ашиг нь 5.2 гаруй хувиар буурч 24.9 тэрбум төгрөг болсон байна.
2025 болон 2026 оны III улиралд бүтэн үйл ажиллагаа явуулсан 515 дэлгүүрийн гүйцэтгэлийг харьцуулахад өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо 0.98 хувиар, өдрийн дундаж борлуулалт 3.02 хувиар, худалдан авалтын дундаж сагсны дүн 2.02 хувиар тус тус өссөнийг онцолжээ.
Тайлант хугацаанд тус компани шинээр 117 салбар дэлгүүр нээж, 11 дэлгүүрээ хааж, нийт 16 аймагт хүрээгээ тэлсэн байна.
“Премиум Нэксус” ХК-ийн хувьцааны ханш 2026 он гарсаар таван хувиар буураад байгаа бөгөөд даваа гарагийн арилжааг 300 орчим төгрөгт хаалаа.