
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс нар, салхины эрчим хүчний нөөцөөр ойролцоогоор 700 гигаватт нарны, 400 гигаватт салхины эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь одоогийн эрчим хүчний хэрэглээнээс 300 дахин давсан дүн болохыг Дэлхийн Банк судалгаандаа онцоллоо.
Аж үйлдвэр, уул уурхайн салбарын өсөлт нь 2050 он гэхэд эрчим хүчний эрэлтийг бараг тав дахин нэмэгдүүлэхээр байгаа. Хэдий тийм боловч хязгаарлагдмал, хуучирсан сүлжээний дэд бүтэц нь эрчим хүчний салбар дахь хувийн хөрөнгө оруулалтыг царцааж буй гол шалтгаан болж байна.
Дамжуулах шугамын хязгаарлагдмал хүчин чадал нь сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэх, ялангуяа их хэмжээний нөөцтэй өмнөд бүсээс гол эрэлт төвлөрч буй төв рүү түгээхэд хүндрэлтэй байгааг тайланд тодотгожээ. Сүлжээг өргөжүүлэх тодорхой урт хугацааны төлөвлөгөөгүй ч 2030 он гэхэд хэд хэдэн томоохон дамжуулах шугамын төслүүд ашиглалтад орох төлөвтэй байна.
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц байгаагийн зэрэгцээ уул уурхай төвлөрч буй нь хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж байгаа ч зохицуулалтын хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсаар байгааг дурджээ. Тодруулбал: эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд зээлийн шаардлага хангах чухал нөхцөлүүдийг тусгаагүй. Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар нь төсөл хэрэгжүүлэгчдэд хоёр талт гэрээ байгуулах боломж олгохгүй байгааг анхааруулсан байна.
Иймд хөрөнгө оруулалт татахын тулд эн тэргүүнд дамжуулах сүлжээний урт хугацааны төлөвлөгөө гаргах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг шинэчлэх, гуравдагч талд дамжуулах сүлжээнд нэвтрэх эрх олгох, эрчим хүчний бөөний худалдааны өрсөлдөөнт зах зээлд шилжиж эхлэхийг зөвлөлөө.
Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлд дунд хугацаанд 230 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ нь шууд болон шууд бусаар нийт 1700 ажлын байр шинээр бий болгох боломжтойг мэдээлжээ.
Одоогоор Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр, 20 гаруй хувийг импортоор, үлдсэнийг дотоодын эх үүсвэрээс хангаж байна.