
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн хугацаанд жилд дунджаар таван хувиар өсөж буй ч хэрэглээнийхээ өсөлтийг гүйцэхгүй байна. Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-8 хувиар өсөж байгааг албаныхан мэдээлж буй.
2025 онд 9.9 тэрбум киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 10 гаруй хувиар өссөн бол нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цаг давж, өмнөх оноос 8.6 хувиар өсжээ. Нийт хэрэглээнийхээ 20 гаруй хувийг импортолсон байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчинд холбогдох хүсэлт одоогийн хүчин чадлаас гурав дахин илүү байгааг Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дурдаж байсан юм.
2026-2027 оны өвлийн оргил ачааллын үед 350 орчим мегаватт эрчим хүч импортоор авах тооцоолол байгааг Эрчим хүчний яам мэдээлээд байна. Ирэх өвөл эрчим хүчний оргил ачаалал 1956 мегаватт хүрнэ гэж тооцоолж буй нь суурилагдсан хүчин чадлаас 120 гаруй орчим мегаваттаар давахаар байгааг тодотгож буй.
Одоогоор дулааны эрчим хүчний хэрэглээ хүчин чадлаасаа 50 хувиар давсан бөгөөд хот тэлэх орон сууцжуулалт нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ өсөж буй тул эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатай. Дулааны V цахилгаан станцтай зэрэгцүүлэн VI цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйг Эрчим хүчний сайд мэдээлсэн юм.
Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд 2027 онд суурилагдсан хүчин чадлыг 800 мегаваттаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг төсвийн төсөлд тусгажээ. Есдүгээр сарын 28-ны байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьд хүрсэн байна.