
Зургийг: Nathan Howard/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-д дата төвийн бүтээн байгуулалт эрчимжсэнээр 2030 он хүртэл 45 гигаваттын цахилгаан эх үүсвэр барихад 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж “Moody’s” агентлаг мэдээллээ.
Тайланд дурдсанаар шинээр бий болох энэхүү эрчим хүчний нийлүүлэлтийн дийлэнх хувь буюу 30 гаруй гигаваттыг байгалийн хийн цахилгаан станцуудаар хангана. Энэ нь хоногт нэмэлтээр 371 сая шоо метр байгалийн хийн эрэлтийг бий болгоно гэж тооцоолжээ.
Үлдсэн нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг нарны эрчим хүч болон цэнэг хураагуурын системүүд бүрдүүлнэ. Мөн цөмийн реакторуудыг дахин ашиглалтад оруулснаар тав орчим хувийг нь хангана гэж үзэж байгаа аж.
“Moody’s”-ийн таамаглал нь Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн судалгаанд суурилсан байна. Тус байгууллагын судалгаагаар 2030 он гэхэд дата төвүүд 426 тераватт-цаг эрчим хүч хэрэглэж, АНУ-ын цахилгааны нийт хэрэглээнд гүйцэтгэх ачаалал нь 2025 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж, 10 хувьд хүрэхээр байгаа юм.