logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн чинээлэг хөрөнгө оруулагчид алтаа Сингапурт хадгалуулах нь нэмэгдэж байна
    Cindy Wang
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 15:10
    66

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    (Bloomberg) -- Сингапурт хадгалуулж буй хувийн эзэмшлийн алтны хэмжээ 2014 оноос хойш 16 дахин өсөж, өнгөрсөн онд 800 тонн давсан гэж үнэт металлын дилер “J. Rotbart & Co” тооцоолжээ. Энэхүү өсөлтийн дийлэнх хувийг Европоос орж ирсэн хөрөнгийн урсгал бүрдүүлсэн бөгөөд тус компани 2026 болон 2027 онд хэмжээ нь улам нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

    Сингапурын банкнууд, үнэт металлын дилерүүдийн мэдээлснээр дайн, Засгийн газруудын өрийн өсөлт, улс төрийн тодорхойгүй байдлаас болгоомжилсон АНУ, Европ болон Ойрх Дорнодын чинээлэг хөрөнгө оруулагчид алтаа хадгалах байршлаа төрөлжүүлэх сонирхолтой болжээ. Ингэснээр найдвартай хадгалах газар эрэлхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчид Сингапур руу алтаа шилжүүлэх нь нэмэгдэж байна.

    Энэхүү чиг хандлагыг ашиглан “Nomura Holdings”, “Oversea-Chinese Banking Corporation” зэрэг банкнууд алт арилжих, хадгалах үйлчилгээгээ өргөжүүлж буй бол Сингапурын эрх баригчид улсаа биет алтны арилжааны төв болгох дэд бүтцийг хөгжүүлж эхэлжээ. Сингапур хувийн хэвшлийн, өндөр хамгаалалттай хоёр том агуулахад 2200 тонн алт хадгалах хүчин чадалтай юм.

    SINGAPORE-GOLD-GFX.jpg

    “Gauld” үнэт металлын платформын мэдээлснээр Европ дахь харилцагчдын 40 хувь орчим нь Швейцарт хадгалж байсан алтныхаа тодорхой хэсгийг Сингапур руу шилжүүлсэн эсвэл шинээр алт худалдан авахдаа тус улсыг сонгосон аж. Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын хөрөнгийг царцаасан явдал нь Швейцарын төвийг сахисан байр суурийн талаарх зарим харилцагчийн ойлголтыг өөрчилсөн гэдгийг тус компани онцолжээ.

    Сингапурын Засгийн газар энэ мөчийг ашиглан Хонконгоос урьтан, Азийн гол алтны арилжааны зангилаа төв болохыг зорьж буй. Тухайлбал: Сингапурын бирж 2026 оны эцэс гэхэд алтны клирингийн систем нэвтрүүлэхээ зарлаж байсан юм. Хэдий тийм боловч дэлхийн алтны зах зээлд Сингапур руу чиглэсэн урсгал харьцангуй бага хэвээр байна.

    “Trade Data Monitor”-ийн мэдээллээр энэ оны наймдугаар сарын байдлаар Сингапурын алтны импорт 44 хувиар өсөж, 171 тонн хүрчээ. Үүнтэй харьцуулбал дэлхийн биет алтны гол төв болох Лондонд үүнээс бараг 60 дахин их алт хадгалагддаг бөгөөд дийлэнхийг нь Төв банкнуудын нөөц бүрдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих