logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Японы цөмийн эрчим хүчээ сэргээх төлөвлөгөө дуулиан, ослын улмаас саатлаа
    Kai Wilson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 18 11:45
    614

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    BNEF: 2040 он хүртэл Японд нийт 9.6 гигаватт хүчин чадалтай 9 реактор дахин ажиллуулна

    (Bloomberg) -- Япон улс 2011 оны Фүкүшимагийн ослын дараа зогсоосон цөмийн реакторуудаа дахин ажиллуулж, өндөр өртөгтэй импортын түлшнээс хамаарах хамаарлаа бууруулахыг зорьж байна. Хэдий тийм боловч реакторуудын ажиллагааг сэргээх хугацаа хойшилж байгаа нь цахилгааны үнийг өндөр түвшинд хадгалж, хиймэл оюуны хөгжлийг дагаад эрчим хүчний эрэлт нэмэгдэх үед тус улсыг шингэрүүлсэн байгалийн хий болон нүүрсний зах зээлийн үнийн хэлбэлзэлд улам өртөмтгий болгож болзошгүй байна.

    “Японы дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2030 он гэхэд өнөөгийн түвшнээс хоёр дахин нэмэгдэнэ гэж бид тооцоолж байна. Цөмийн эрчим хүч ашиглахгүй бол суурь ачааллыг хангахын тулд нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх эсвэл шингэрүүлсэн байгалийн хийн импортыг өсгөх шаардлагатай” гэж “Wood Mackenzie”-ийн Эрчим хүчний нэгдсэн судалгааны захирал Роберт Лью мэдэгдэв.

    Ормузын хоолойгоор тээвэрлэлт бараг зогсож, дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчим нь саатсантай холбоотой Японы цахилгаан эрчим хүчний спот ханш саяхан 2022 оноос хойших дээд түвшинд хүрч өссөн юм. Зохицуулалтын хатуу шаардлага болон зарим орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас Японы ашиглах боломжтой 33 реактораас одоогоор ердөө 15 нь ажиллаж байгаа аж.

    Японы цөмийн эрчим хүчний салбарыг сэргээх төлөвлөгөө шинэ сорилттой тулгарлаа. Сүүлийн саруудад гарсан зөрчил, зохицуулалтын хүндрэлүүд реакторуудыг дахин ажиллуулах хугацааг хойшлуулж, эрчим хүчний эрэлт болон зардал өсөж буй үед цөмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтод эрсдэл учруулж байна.

    “Bloomberg New Energy Finance”-ийн шинэчилсэн тооцооллоор 2040 он хүртэл тус улсад нийт 9.6 гигаваттын хүчин чадалтай есөн реактор дахин ажиллах төлөвтэй. Өмнөх төсөөлөлд 11 реакторыг сэргээнэ гэж тусгаж байсан юм. Ингэснээр Япон улс 2040 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа 35 гигаваттад хүргэх зорилтоосоо дор хаяж 11.7 гигаваттаар хоцрох төлөвтэй болж ирлээ.

    Сүүлд “Chubu Electric Power” компани Хамаока цөмийн станцын газар хөдлөлтийн мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн гэх асуудал үүссэний дараа хоёр реактораа дахин ажиллуулах хүсэлтээ буцаан татжээ.

    Мөн Томари станцын хамгаалалтын далангийн барилгын үеэр осол гарч, зохицуулагчид аюулгүй ажиллагааны зарим арга хэмжээг нь хүлээн зөвшөөрөөгүй тул “Hokkaido Electric Power” компанийн реакторыг сэргээх ажил удааширсан байна. Үүний дараа “BloombergNEF” Томаригийн гуравдугаар реакторыг дахин ажиллуулах хугацааны төсөөллөө нэг жилээр хойшлуулж, 2028 он болгосон байна.

    Cэтгэгдэл бичих