
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европ орнуудад хийж буй Төрийн айлчлал Беларусь улсад үргэлжилж байна. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Беларусь улсад анх удаа айлчилж буйгаараа онцлог юм. 2024 онд тус улсын Ерөнхийлөгч Монголд айлчилж байв.
Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд болон спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахыг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.
Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд улсад айлчилж, талууд хамтын ажиллагааны 10 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд зүүн Финландын их сургуульд жил бүр тав хүртэлх монгол оюутныг суралцуулна. Мөн суралцах ухаан, тархи судлал, хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.
Эдүтэн цахим платформыг өргөжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Kiva” хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх зэрэг ажлууд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Үүнээс гадна тогтвортой хөгжил, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалах чиглэлд хамтран ажиллана. Хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа худалдаа хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.