
Зургийг: Г.Батсайхан
Монгол Улсаас гадаадад зорчсон иргэд оны эхний есөн сарын хугацаанд давхардсан тоогоор 2.4 сая давсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. БНХАУ руу зорчих хөдөлгөөн хамгийн их буюу 12.7 хувиар нэмэгдсэн бол Япон руу зорчигчид 7.5 хувь, БНСУ руу зорчигчид 2 хувиар тус тус өсжээ. Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 8.9 хувиар буурсан. Гадаадад зорчсон иргэдийн 2.3 хувь нь албан бизнесийн зорилгоор явсан бол 97.7 хувь нь хувийн зорилгоор зорчсон байна.
Гадаадад зорчигчдын тоо нэмэгдэхэд төлбөрийн тэнцлийн аяллын үйлчилгээний алдагдал өсөхөд нөлөөлдөг. Монголбанкны дата мэдээллээс харвал энэ оны нэгээс дөрөвдүгээр сард аяллын үйлчилгээний алдагдал хамгийн өндөр буюу 100-200 сая ам.доллар давжээ. Бусад саруудад харьцангуй бага дүнтэй. Ялангуяа зургаа, долоо, наймдугаар сард аяллын үйлчилгээний алдагдал 0.15 сая ам.доллар хүртэл буурсан. Энэ нь зуны улиралд Монголыг зорих жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж болохоор байгаа юм.
Монголбанкнаас 2022 онд хийсэн түүвэр судалгаагаар монголчууд гадаадад 14 хоног аялахад дунджаар 2,300 гаруй ам.долларыг үйлчилгээний төлбөрт зарцуулдаг гэсэн тооцоолол гарчээ.
Харин Монголд аялахад нэг жуулчин дунджаар 2,000 ам.доллар зарцуулдаг гэж тооцоолдог ч дийлэнх хувийг бүрдүүлдэг Азийн улсуудаас ирж буй жуулчин дунджаар 1,000 ам.доллар зарцуулдаг болохыг аялал жуулчлалын зарим компани мэдээлсэн.
Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавихаас илүү нэг жуулчнаас олох өгөөжид төвлөрөх нь чухал болохыг салбарынхан тодотгож байсан юм.
Аравдугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад 868,600 гаруй жуулчин ирсэн нь 2025 оны нийт дүнг даваад байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын экспортын орлого 728 сая орчим ам.долларт хүрснийг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар мэдээлж байв.