
Зургийг: Bloomberg TV Mongolia
БНСУ-ын “Хьюндай” корпорац болон "СК Инновэйшн" нефть боловсруулах үйлдвэрийнхэнтэй шатахуун нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг Шатахууны шуурхай штаб мэдээллээ.
11 дүгээр сард БНСУ-аас 12,000 тонн, БНХАУ-аас 8000 тонн, Казахстанаас 3000 тонн шатахуун эхний ээлжид орж ирэхээр захиалгууд баталгаажсаныг тодотгов. Харин ОХУ-ын “Роснефть” үйлдвэрээс аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлэх байсан бол 11 дүгээр сард 69.5 мянган тонн нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирсэн байна.
Хэвийн үед Монгол Улс сард 70-75 мянган тонн шатахуун хэрэглэдэг бол 92 мянган тонн шатахууны урьдчилсан захиалга хийгдсэн нь хангалттай хэмжээ гэдгийг салбарын дэд сайд онцоллоо. Мөн ойрын өдрүүдэд шатахууны түгээлт хэвийн болж, бага хэмжээний нөөц бүрдэхээр байгааг тодотгосон юм.
Одоогоор Улаанбаатар хотод 264 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас 120 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Харин шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомлоор дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн станцын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдлээ. Энэхүү хяналт шалгалтыг энэ пүрэв гарагаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал: шатахуун түгээж буй станцуудад улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгох, талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгах, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах юм байна.