
Зургийг: Munshi Ahmed/Bloomberg
(Bloomberg) -- Сингапур ирэх оны II хагасаас Саудын Арабын газрын тосыг газар доорх агуулахад хадгалахаар болсноо мэдээллээ. Энэ нь АНУ, Ираны дайны улмаас үүсээд буй нийлүүлэлтийн тасалдлыг даван туулах Саудын Арабын төлөвлөгөөний нэг хэсэг болох юм.
Сингапурын Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тан Си Лен Олон улсын эрчим хүчний долоо хоногийн чуулга уулзалтын үеэр газрын тосыг Сингапурын өмнөд хэсэгт орших нефть-химийн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах цогцолбор дахь Журон хадны агуйн агуулахад хадгалахыг мэдэгдсэн байна.
Тэрбээр энэхүү зохицуулалт нь Зүүн Өмнөд Ази дахь Саудын Арабын түүхий газрын тосны нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлэхийг дурджээ. Түүнчлэн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд Сингапурын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхийг онцолсон байна.
Тэрхүү газар доорх агуулахууд нь нийт есөн сая орчим баррель газрын тосны нөөц хадгалах боломжтой. CEIC Data-ийн мэдээлснээр тус улсын газрын тосны хэрэглээ 2025 оны 12 дугаар сарын байдлаар өдөрт 1.48 сая баррель байжээ.