
Зургийг: aspirelimited.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний төслийн бүтээн байгуулалтад зориулж “Овоот бонд” хөтөлбөрөөр 11.2 сая ам.доллар татан төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Тус компани Монголын биржийн бус зах зээлд 60 сая ам.доллар хүртэлх бонд гаргахаар бүртгүүлсэн бөгөөд аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 10 удаагийн гаргалт хийжээ. Бондын жилийн хүү 11-13 хувь, хугацаа нь 12-36 сар байна.
Компанийн III улирлын тайланд дурдсанаар Овоотын олборлох нүүрсний нөөцийг олон улсын JORC стандартын дагуу дахин үнэлж, 130.1 сая тонн хэвээр байгааг баталгаажуулсан байна. Үүнээс 97.9 сая тонн нь борлуулах боломжтой нүүрсний нөөц гэдгийг дурджээ. Олборлолт эхлэхээс өмнө эхний шатны дэд бүтцэд 61.2 сая ам.доллар зарцуулахаар тооцсон бөгөөд энэ дүнд эргэлтийн хөрөнгө багтаагүйг мэдээллээ.
Коксжих нүүрсийг БНХАУ-ын Эрээн хотод хүргэх урт хугацааны үнийг тонн тутамд 230 ам.доллар гэж үзвэл төслийн татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэн 1.48 тэрбум ам.доллар хүрэхээр тооцоолсон байна. Харин бондын үлдсэн санхүүжилтийг бүрдүүлэхээр институцийн хөрөнгө оруулагчтай ажиллаж байгаа ч хэлцэл эцэслэгдээгүйг тодотголоо.

Бүтээн байгуулалтын хувьд нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, талбайд бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн байна. Харин Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж буйг дурдлаа.
“Aspire Mining”-ийн хувьцааны ханш он гарсаар 14 гаруй хувиар буурч, Австралийн Хөрөнгийн биржид 0.23 австрали доллароор арилжаалагдаж байна.