
Зургийг: Samuel Corum/Bloomberg
Бага, дунд орлоготой орнуудын гадаад өр 2025 онд 5.5 хувиар өсөж, 9.4 их наяд ам.доллар болж түүхэн дээд түвшиндээ хүрснийг Дэлхийн Банк 2026 оны олон улсын өрийн тайландаа мэдээллээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн хурдтай өсөлт болж байна.
Хувийн хэвшлийн зээлдүүлэгчид хөгжиж буй зах зээлд эргээд идэвхжиж, эдгээр улсын Төрийн секторын бондоор татсан санхүүжилт 34.6 хувиар нэмэгдэн, 250.6 тэрбум ам.доллар хүрчээ. Хэдий тийм боловч санхүүжилт татах боломж нэмэгдэхийн хэрээр хамгийн эмзэг эдийн засагтай орнууд өндөр өртөг төлж буйг анхаарууллаа. Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилт авах эрхтэй орнуудын хувийн зээлдүүлэгчдээс шинээр авсан зээлийн дундаж хүү 8.2 хувьд хүрсэн нь 1980-аад оны эцсээс хойших дээд түвшин болжээ.

Өрийн үндсэн болон хүүгийн төлбөр тав дахь жилдээ дараалан нэмэгдэж, 1.4 их наяд ам.доллар хүрсэн байна. Харин урт хугацаат зээлийн хүрээнд шинээр авсан санхүүжилт нь төлсөн өрнөөсөө 45.4 тэрбум ам.доллароор давжээ.
Ам.долларын сулрал ч өрийн өсөлтөд нөлөөлсөн байна. Бага, дунд орлоготой орнуудын өөр валютаар авсан өрийг ам.долларт шилжүүлэн тооцоход нийт дүн нэмэгдсэн нь улсын болон төрийн баталгаат гадаад өрийн өсөлтийн 28.2 хувийг бүрдүүлсэн аж.

2026 оны эхний найман сард бонд гаргалт идэвхтэй хэвээр байсан ч өндөр хүү, өрийг дахин санхүүжүүлэх хэрэгцээ эдгээр улс, орны төсөвт дарамт учруулсаар байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт урт хугацаанд буурч буй нь үйлдвэрлэлийн хүчин чадал, цаашдын өсөлтөд эрсдэл дагуулж байгааг Дэлхийн Банк тайландаа онцолжээ.