
Зургийг: Cate Dingley/Bloomberg
(Bloomberg) -- Илон Маскийн “SpaceX” компани хиймэл дагуулын интернэтийн бизнесийг аль хэдийн өөрчлөөд буй. Харин одоо дэлхий дээрх дэд бүтцэд суурилсан үүрэн холбооны сүлжээ байгуулж, “Verizon Communications”, “T-Mobile”, “AT&T” зэрэг зах зээлд байр сууриа эзэлсэн операторуудтай өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Үүний тулд “Starlink”-ийн хиймэл дагуулын өргөн зурвасын сүлжээг үүрэн холбооны шинэ антен, шилэн кабелийн холболт болон газар дээрх бусад дэд бүтэцтэй нэгтгэнэ. Ингэснээр энгийн ухаалаг утсаар дэлхийн болон сансрын сүлжээний хооронд тасралтгүй шилжих боломж бүрдэх аж.
“Starlink Mobile” нэртэй энэхүү сүлжээг бий болговол хамрах хүрээ нь эрс тэлж, үүрэн холбооны сүлжээгүй бүсүүдийг арилгах боломжтой. Улмаар Илон Маскийн бизнесийн нэгдлийг хиймэл оюуны салбарын хүчирхэг тоглогч болгох алсын харааг дэмжих юм.
Шинэ сүлжээ нь ердийн үүрэн холбооны үйлчилгээтэй адил зарчмаар ажиллах ч гар утасны сүлжээ тааруу эсвэл огт холбогдоогүй орон нутагт дэлхийгээс ойролцоогоор 480 километрийн өндөрт тойрон эргэх “SpaceX”-ийн хиймэл дагуулуудаар холболтыг нөхнө. Хэдий тийм боловч одоогоор сүлжээг хэрхэн байгуулах, хэрэглэгчдэд ямар нөхцөлөөр санал болгох зэрэг олон зүйл тодорхойгүй хэвээр буй. Зарим тооцооллоор дээрх системийг бүтээн байгуулахад найман жил хүртэл хугацаа шаардагдах магадлалтай. Харин Илон Маск хоёрхон жилийн дотор бэлэн болгох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байв.

“Starlink” дэлхийн нам тойрог замд 11 мянга гаруй хиймэл дагуултай. Гэвч эдгээрийн ихэнхийг газрын хүлээн авагч төхөөрөмжтэй холбогдон, суурин өргөн зурвасын интернэт хүргэх зориулалтаар бүтээсэн бөгөөд ердөө 650 орчим хиймэл дагуул л ухаалаг утастай шууд холбогдох зориулалттай аж. “SpaceX” компани “V2” гэдэг хэмжээ нь хавьгүй том “Starlink Mobile” хиймэл дагуулуудыг хөгжүүлж байгаа юм.
Эдгээрийг одоогоор хөгжүүлэлт, туршилтын шатандаа буй “Starship” пуужингаар хөөргөхөөр загварчилсан байна. Хэдий тийм боловч “Starship” хөлгийн хөгжүүлэлт тус компанийн тооцоолсноор удаашралтай байна. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхийн тулд дээрх пуужин туршилтын үе шатаа дуусгах шаардлагатай.
Он гарснаас хойш аравдугаар сарын сүүлийн байдлаар “Starship” хөлөг нь ердөө гурван удаа сансарт хүрчээ. Үүнтэй харьцуулахад “SpaceX”-ийн үндсэн пуужин болох “Falcon 9”-ийг энэ онд 120 гаруй удаа хөөргөсөн байна.