
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Ирэх даваа гарагт Туркийн Анталья хотноо НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурал эхэлнэ. Зохион байгуулагчид 2035 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээнд цахилгааны эзлэх хувийг одоогийн 20 орчим хувиас 35 хувьд хүргэх зорилтыг дэмжүүлэхээр төлөвлөж байна. Хэдий тийм боловч энэ нь сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэх зорилт хэвээр байгаа юм.
Австралийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд, COP31-ийн хэлэлцээний Ерөнхийлөгч Крис Боуэн “Цахилгаанжуулалт бол маргаангүй зөв, үр өгөөжтэй шийдэл. Аль ч улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ нүүрсээр ажилладаг, гэрт тань нарны хавтан байхгүй байсан ч цахилгаан автомашинаа нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчээр цэнэглэхэд л хүлэмжийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 60 хувиар бууруулж чадна” гэж онцоллоо.
Дэлхийн анхдагч эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь чулуужсан түлшнээс бүрддэг. Гэхдээ эцсийн эрчим хүчний хэрэглээний дөнгөж 65 орчим хувь нь нүүрс, газрын тос, байгалийн хийнээс гардаг. Иймээс цахилгаанжуулалт нь юуны өмнө эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл юм. Учир нь энэ нь иргэдийн хүсэж буй амьдралын чанар, үйлчилгээ, бодит хэрэглээг бууруулахгүйгээр анхдагч эрчим хүчний хэрэгцээг багасгах боломж олгодог.