
Зургийг: С.Батсайхан
2030 он гэхэд агаарын бохирдлыг одоогийнхоос 55 орчим хувиар бууруулах зорилтыг Засгийн газар танилцууллаа. Энэхүү зорилтын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр байна. Үүнд PM2.5 тоосонцрыг 66 хувиар, Pm10 тоосонцрыг 77 хувиар, азотын давхар исэл болон хүхэрлэг хийг 15-64 хувиар тус тус бууруулахаар тооцоолжээ.
Төлөвлөгөөний төсөлд нийт 58 арга хэмжээ төлөвлөж, эдгээрийг хэрэгжүүлэхэд 15 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоотой байна.
Эдгээр нь хууль эрх зүй, хатуу түлш, эрчим хүч, дотоод агаарын чанар, агаарын чанарын хяналт шинжилгээ, дулаан-ногоон технологи гэсэн үндсэн долоон чиглэлд төлөвлөгдсөнийг салбарын яам мэдээллээ.
Хагас коксон шахмал түлшний хэрэглээг бууруулах, айл өрхийн халаалтыг хийн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг үргэлжлүүлнэ.
Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд Евро-5 ангиллын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашины импортыг дэмжинэ. Улсын хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэх станцын тоог нэмэгдүүлж, эко автомашины татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг боловсронгуй болгохоор тусгажээ.
Түүнчлэн ногоон зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.