
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- Устөрөгчийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэний дараа БНХАУ нийлүүлэлтийн илүүдэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна. Бээжин ойрын таван жилийн хугацаанд устөрөгчийн эрчим хүчний салбараа хөгжүүлэх амбицтай зорилтууд дэвшүүлээд байгаа юм.
Засгийн газрын дэмжлэгийн улмаас үйлдвэрлэл нь хурдацтай тэлж, дотоодын өрсөлдөөн ширүүссэн байна. Ингэснээр ашиг орлого нь буурсан нарны эрчим хүчний салбар шиг хэд хэдэн салбар нийлүүлэлтийн илүүдэлтэй болжээ.
2026 оны эхний хагаст л гэхэд тухайн улс үйлдвэрлэсэн нар, салхины эрчим хүчнийхээ 1/4-ийг ашиглаж чадахгүй хаясан байна. Сүүлийн үед тус улсын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэт нэмэгдүүлэх, үнийн дайн хийхээс болгоомжлоод байгаа юм.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр устөрөгчийн салбар эрчимтэй тэлж буй. Бээжин 2030 оны эцэс гэхэд ногоон устөрөгчийн жилийн үйлдвэрлэлийг найм дахин нэмэгдүүлж, хоёр сая тонн хүргэх зорилт тавьсан байна.
Үүний зэрэгцээ “Синьхуа” агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын Засгийн газар Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийг багтаасан таван хотод устөрөгчийн технологийг нэвтрүүлэх туршилтын хөтөлбөрийг баталжээ.
“Төсөл хэрэгжүүлэхдээ төв болон орон нутгийн засаг захиргаа аль аль нь нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтыг сохроор нэмэгдүүлж, хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас зайлсхийх хэрэгтэй” гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Технологийн газрын дэд захирал Рэнь Жунба онцоллоо.