
Зургийг: Noah Berger/Getty Images
(Bloomberg) -- Хиймэл оюуны хөгжүүлэлтээр тэргүүлж буй технологийн аварга компаниудын асар их зээлийн эрэлтийн нөлөөгөөр дэлхийн бондын борлуулалт түүхэн дээд түвшинд хүрчээ.
“Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр санхүүгийн байгууллагууд, компаниуд болон Засгийн газрууд энэ онд хөрөнгө оруулалтын зэрэглэлийн болон өндөр өгөөжтэй бондуудаар дамжуулж нийт 6.61 их наяд ам.доллар татан төвлөрүүлээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт болоод зогсохгүй он дуусахад хоёр сар үлдээд байхад 2025 оны түүхэн дээд хэмжээг аль хэдийн давжээ.
Үүнээс зөвхөн үүлэн тооцооллын томоохон компаниуд болон дата төв хөгжүүлэгчид л гэхэд 2026 он гарснаас хойш аравдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд бараг 368 тэрбум ам.доллартой тэнцэх бонд гаргасан нь өмнөх оны мөн үеэс зургаа дахин өссөн үзүүлэлт юм. Ингэснээр эдгээр компани 2026 оны нийт бондын арилжааны өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлж, санхүүгийн бус бусад бүх салбарыг ардаа орхижээ.

Энэхүү үзүүлэлт нь хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалт дэлхийн өрийн зах зээлд улам байр сууриа тэлж байгааг харуулж байна. Ингэснээр дэлхий даяар зээлийн өртөг өсөж, Засгийн газрууд төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр бонд гаргаж буй энэ үед капиталын төлөөх өрсөлдөөнийг улам ширүүсэхээр байгаа аж.
Хиймэл оюуны эрин үед АНУ-ын үүлэн тооцооллын тэргүүлэх компаниуд томоохон зээлдэгчид болон хувирсан юм. Тухайлбал: “Amazon.com” энэ онд гаргасан бондын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, Европын Холбоо, ХБНГУ болон Итали улсын араас бичигдэж байна.