
Зургийг: Veejay Villafranca/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюун нь инфляц эрчимжиж, хэрэглэгчдийн эрэлт суларч буй эрсдэлтэй нөхцөлд ч Зүүн Өмнөд Азийн дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэж судлаачид үзжээ.
Бүс нутаг даяарх хэрэглэгчдийн онлайн худалдан авалт энэ онд 17 хувиар өсөж, 368 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэйг “Google”, “Temasek Holdings” болон “Bain & Co.”-ийн тайлан харуулж байна. Энэ нь өмнөх оноос өсөлт бага зэрэг саарна гэсэн үг юм.
Эдийн засгийн өсөлт сул, инфляц өндөр байгаа нь цахим худалдаанаас аялал жуулчлал хүртэлх бүх салбарт хэрэглэгчийн эрэлтэд дарамт болж буй ч дижитал бизнесүүд хиймэл оюуныг ашиглан хэрэглэгчдээ илүү оновчтой онилж, худалдан авалтыг нэмэгдүүлж байгаа аж.
Нийт 700 сая орчим хүн амтай Зүүн Өмнөд Азийн бүс нутаг нь “Alibaba Group”, “Shopee”-ийн толгой компани “Sea”, мөн “Grab”, “GoTo” зэрэг унаа дуудлага, хоол хүргэлтийн компаниуд, Trip.com, “Traveloka” зэрэг цахим аяллын платформуудын өрсөлдөөний гол талбар болоод байна.
Инфляц, зээлийн өндөр хүү, геополитикийн хямралаас үүдэлтэй эрчим хүчний үнийн савлагаа нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт дарамт болж байгаа ч хиймэл оюун эдгээр эрсдэлийн тодорхой хэсгийг сааруулахад дижитал бизнесүүдэд тусалж буй. Тухайлбал: цахим медиа салбарын өсөлт багадаа сүүлийн таван жилийн хамгийн дээд түвшинд хүрэхээр байгааг тайланд онцолжээ. Үүнд хиймэл оюунд суурилсан контентоос олох зар сурталчилгааны орлого нэмэгдэж байгаа нь дэмжлэг болно гэж үзэж байна.
Өнгөрсөн онтой харьцуулбал Зүүн Өмнөд Азийн хэрэглэгчдийн 62 хувь нь чухал шийдвэр гаргахдаа хиймэл оюун ашиглахад илүү итгэлтэй болсон талаар тайланд дурдсан юм.