
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуныг санхүүжүүлэхээр их хэмжээний хөрөнгө татах өрсөлдөөн АНУ-ын 10 их наяд ам.доллар давсан компанийн өрийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг дагуулж байна.
Технологийн томоохон компаниудын зээлийн эрсдэлийг зах зээл дахин үнэлж эхэлсэн бөгөөд үүнийг өрийн төлбөрийн чадвараа алдахаас хамгаалах өртөг нэмэгдэж, хөрөнгө оруулалтын өгөөж буурч байгаагаас харж болохоор байгаа юм.
“Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр “Oracle”, “Broadcom”, “SpaceX” зэрэг томоохон компаниуд хиймэл оюуны дэд бүтцийг санхүүжүүлэхээр он гарснаас хойш нийт хагас их наяд орчим ам.долларын шинэ өрийн санхүүжилт татжээ. Энэ хэмжээ ирэх сар, жилүүдэд хэдэн арав, зуу дахин нэмэгдэх хүлээлттэй байна. Зөвхөн “Broadcom” л гэхэд ирэх жилүүдэд тооцооллын хүчин чадлаа санхүүжүүлэхэд 600 тэрбум орчим ам.доллар татаж болзошгүйг “Bloomberg” тооцоолжээ.
Сүүлийн саруудад технологийн салбар өрийн зах зээлд хамгийн сул үзүүлэлттэй салбарын нэг болж, хөрөнгө оруулагчид алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн сүүлд “SpaceX” болон “Broadcom” нийт 100 тэрбум ам.доллар давсан шинэ санхүүжилт татах тухай мэдээлэл гарснаар томоохон үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид болон чип үйлдвэрлэгчидтэй холбоотой зээлийн деривативын үнэ өсжээ. Энэ нь компаниуд ирэх таван жилд өр, төлбөрөө барагдуулж чадахгүй болох эрсдэлийг арилжаачид улам өндрөөр үнэлж эхэлснийг илтгэж байна.