
Зургийг: Ore Huiying/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюун нь зах зээлийн хөөсрөлтийн “сонгодог жишээ” болохыг тэрбумтан Рэй Далио онцолж, хүүгийн түвшин болон хуримтлагдсан хөрөнгийг бэлэн мөнгө болгох хэрэгцээ нэмэгдэх хэрээр уг хөөс хагарахад ойртож байгааг анхаарууллаа.
“Bridgewater Associates”-ийн үүсгэн байгуулагч тэрбээр лхагва гарагт Сингапурт болсон “Forbes Global CEO Conference”-д оролцохдоо хиймэл оюуны төслүүдийг санхүүжүүлэхийн тулд асар их хэмжээний өр бий болж буй талаар ярьжээ. Хүү үргэлжлэн өсөх санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлж, улмаар хөөс хагарч эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тэрбээр үзсэн байна.
“Бид хөөс хагарахын өмнөх, маш ойрхон шатандаа яваа гэж бодож байна” хэмээн тодотгожээ.
Технологийн аварга компаниуд хиймэл оюунд олон зуун тэрбум ам.доллар зарцуулж, хөрөнгө оруулалтаа их хэмжээний зээлээр санхүүжүүлж буй. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн өсөлт цөөн хэдэн компанийн хувьцаанд төвлөрч байна. Мөн дэлхий даяар бондын өгөөж олон арван жилийн дээд түвшинд хүрсэн нь хиймэл оюуны дэд бүтэц байгуулахад шаардагдах үлэмж их хөрөнгө оруулалтын санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэх болсон юм.
Хэдий тийм боловч технологийн компаниудын ашгийн төлөвт өөдрөг хүлээлт давамгайлсан хэвээр тул хувьцааны үнэлгээ үргэлжлэн өсөж, “S&P 500” болон “Nasdaq 100” индекс энэ долоо хоногт түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.
Рэй Далио хиймэл оюуны зах зээлд хөөсрөлт үүссэнийг удаан хугацаанд анхааруулсаар ирсэн бөгөөд уналтын эхлэлийг тавьж болзошгүй бусад асуудлууд байгааг ч хэлж байна. “Хэн нэгний хөрөнгө тэрбум ам.доллар хүрлээ гэж ярьдаг. Гэхдээ бодитоор зарцуулахын тулд тэр хөрөнгөө зараад бэлэн мөнгө болгох ёстой. Үүнээс л хөөс цоорч эхэлдэг юм” хэмээжээ.