
Зургийг: Getty Images/forbes.com
Хиймэл оюуны хурдацтай хөгжил нь үйлчилгээ, медиа болон технологийн зарим салбарын компаниудын зээлжих зэрэглэлийн чадварт томоохон дарамт учруулж болзошгүйг “Fitch Ratings”-ийн "AI Stress Test" шинэ судалгаа харууллаа.
“Fitch Ratings” 21 үндсэн салбарт хамаарах 107 дэд салбарыг хамруулж, ирэх таван жилд хиймэл оюунаас үүдэх бизнесийн өөрчлөлт, хэт их хэмжээний хөрөнгө оруулалт болон хөрөнгийн үнэ цэний бууралтын эрсдэлийг үнэлсэн байна.
Дээрх тестийг нийт 100 оноогоор үнэлэхэд бизнесийн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээ болон медиа контентын гэрээт үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 80 оноо авчээ. Таагүй хувилбар хэрэгжвэл эдгээр салбарыг төлөөлдөг компанийн зээлжих зэрэглэл 3-4 шат буурах эрсдэлтэй гэсэн үг юм.
Харин хиймэл оюуны загвар сургах дата төв, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, зар сурталчилгааны үйлчилгээ тус бүр 60 оноотой гарсан байна. Хиймэл оюун хүний хөдөлмөрийг орлож, үйлчилгээний үнийг бууруулахын зэрэгцээ хүлээлтэд хүрээгүй өгөөж нь технологийн хөрөнгө оруулалтыг хумих эрсдэлтэйг судалгаанд дурджээ.
Хувийн банкнууд 40, үүлэн үйлчилгээний дата төвүүд 30 оноо авсан байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд хөрөнгийн нөөц, зохицуулалт, эрсдэлийн удирдлага нь хамгаалалт болж өгч буйг тодотголоо.
Судалгаанд авч үзсэн таагүй хувилбарууд ирэх таван жилд хэрэгжих магадлалыг 10-20 хувь гэж тооцоолсон бөгөөд салбарууд хиймэл оюунтай холбоотой таагүй хувилбаруудад ерөнхийдөө тэсвэртэй байна гэж дүгнэсэн байна.