
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Засгийн газар “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдээллээ. Үүнээс 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөсөн байна. Харин Төрийн мэдлийн 40 мянган айлын орон сууцыг урьдчилгаа төлбөргүйгээр иргэдэд нээлттэй сонгон шалгаруулахаар шийдвэрлэжээ.
Орон сууцны нийлүүлэлтийн хувьд 2030 он хүртэл 100 мянган айлын орон сууц барих тооцоолол байгаагаас Төрийн мэдлийн 40 мянган айлын орон сууц, хувийн хэвшлээс 60 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Тухайлбал: "Сэлбэ", "Шархад", "Солонго I" болон Солонго II” хороолол зэрэг Төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 зэргээр нэмэгдэх аж.
Харин хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орох бөгөөд 2030 он гэхэд 82 мянга гаруй айлын орон сууц баригдахаар байгааг Засгийн газар мэдээлж байна.
Мөн Төрийн мэдлийн 40 мянган айлын орон сууц нь урьдчилгаа төлбөргүй байх зарчимтай. Ингэхдээ 45 метр квадрат хоёр өрөө орон сууцны сарын түрээсийн төлбөр 700 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Харин түрээслэн өмчлөх хэлбэрээр сонгосон тохиолдолд сар бүр 700 мянган төгрөгийн түрээс, 720 мянган төгрөгийг өмчлөлийн төлбөрт төлж, нийт 1.42 сая төгрөг төлөхөөр байгааг салбарын сайд тодотголоо.
Мөн орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангаас иргэдийг хамгаалахаар хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр болсон байна.
Мягмар гарагт болсон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед 86 компанитай холбоотой хэрэгт 2569 иргэн нийт 206 тэрбум төгрөгийн хохирол амссан талаар мэдээлжээ.
Хэргийн шалгалтаар 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, 42.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалалтын арга хэмжээнд авсан байна.