
Зургийг: Angel Garcia/Bloomberg
(Bloomberg) -- Номхон далайд үүссэн хүчтэй Эль-Ниньо үзэгдэлтэй холбоотойгоор дэлхийн томоохон банкнууд зээлдэгчдийнхээ эрсдэлийг үнэлж, эргэн төлөлтийн нөхцөлийг өөрчлөхөөр судалж эхэллээ.
Испанийн BBVA банк Перу, Аргентин, Колумб зэрэг орнууд дахь харилцагчдынхаа зээлийн багцад үнэлгээ хийж, эрсдэлд өртсөн үйлчлүүлэгчдийн өр төлбөрийг хойшлуулах, зээлийг дахин хуваарилах боломжийг судалж байна.
Түүнчлэн Перу улсын томоохон санхүүгийн байгууллагуудын нэг болох “Intercorp Financial Services” нь загас агнуур, хөдөө аж ахуйн салбарын харилцагчдадаа зориулан Эль-Ниньотой холбоотой зээлийн тусгай нөхцөлүүдийг аль хэдийн нэвтрүүлсэн байна. Үүнд зээлийн үндсэн төлбөрөөс түр чөлөөлөх хугацаа олгох, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Их Британиас гадна Африк, Ойрх Дорнод, Азийн бүс нутагт олон харилцагчтай “Standard Chartered” банк одоогийн Эль-Ниньо мөчлөгөөс үүдэх эрсдэлийг нарийвчлан үнэлэхийг банкны ажилтнууддаа үүрэг болгожээ.
Тус банкны уур амьсгал, тогтвортой байдал, нэр хүндийн эрсдэл хариуцсан захирал Карен Уилкинсон: “Бид Эль-Ниньогийн болзошгүй нөлөөллийг анхааралтай ажиглаж байна. Компанийн болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны зээлийн багцын хэмжээнд дүн шинжилгээ хийж, одоо үүнийг харилцагч тус бүрийн уур амьсгалын эрсдэлийн үнэлгээнд тусгаж байна” гэж мэдэгджээ.