
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- “Apple” компани шинэ Гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлага дор танилцуулсан анхны улирлын тайландаа эерэг, сөрөг хүлээлт хосолсон дохио хөрөнгө оруулагчдад өглөө.
Тус компани баярын улирлын үеийн борлуулалтын орлогоо 7-10 хувиар өснө гэж төсөөлсөн нь “Wall Street”-ийн шинжээчдийн 6.1 хувийн хүлээлтээс давсан байна. Гэвч нийт ашгийн маржин шинжээчдийн тооцоолсноос доогуур байхыг анхаарууллаа.

Мөн нийлүүлэлтийн хүндрэлээс шалтгаалан шинэ цуврал бүтээгдэхүүний борлуулалтын суваг бага зэрэг хязгаарлагдмал байхыг мэдээлжээ. “Тус компанийн бүтээгдэхүүний нийт ашгийн маржин буурч буй нь ойрын хугацаандаа анхаарч байх гол асуудал хэвээр байх болно” гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна.
Есдүгээр сарын 26-наар эцэслэсэн санхүүгийн жилийн IV улирлын онцлох үзүүлэлтээс сонирхуулбал “Apple”-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөж, 114.5 тэрбум ам.доллар хүрчээ. Хэдий тийм боловч өсөлтийн хурд нь өмнөх улирлын 16 хувиас удааширсан байна. Үүнд БНХАУ-ын зах зээл болон “iPad”, зүүдэг төхөөрөмжийн бизнесийн үзүүлэлтүүд хүлээлтэд хүрээгүй нь хөшүүрэг боллоо. БНХАУ-ын бүс нутагт борлуулалт нь 21 хувиар өсөж, 7.5 тэрбум ам.доллар болж бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн ч төлөвлөсөн гүйцэтгэлээс нэг тэрбум ам.доллароор дутсаныг тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Тернус тодотгосон байна.

Харин “Apple” компанийн орлогын гол эх үүсвэр болох “iPhone” ухаалаг гар утасны борлуулалт өндөр хэвээр байжээ.
Санах ойн чипийн өртөг өссөнөөс гадна хиймэл оюунд суурилсан шинэ “Siri” дижитал туслахтай холбоотой зардал нэмэгдсэн нь ашгийн маржинд дарамт учруулсан гэж “Apple” тайлбарласан байна.
Хөгжмийн стриминг, App Store, “iCloud”-ийн захиалга, “Apple TV” болон бусад дижитал үйлчилгээг багтаасан үйлчилгээний сегментийн орлого 9.8 хувиар өсөж, 31.6 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамагтай нийцжээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.10 ам.доллар хүрсэн байна.
Үүнээс гадна “Mac”-ийн борлуулалтын орлого 24 хувиар өсөж, 10.8 тэрбум ам.доллар хүрч шинжээчдийн хүлээлтээс давжээ. Тус компани ирэх саруудад “Mac”-ийн загваруудаа үргэлжлүүлэн шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд ирэх оны эхээр шинэ “MacBook Neo” болон “MacBook Air” бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа аж.