
Зургийг: Э.Тэнгис
NRCC судалгааны байгууллагаас хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг явуулахад нийт хамрагдсан хүмүүсийн 24.8 хувь нь өрхийн орлого буурсан гэж хариулсан байна. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 9.6 пунктээр, өмнөх улирлаас 5.1 пунктээр буурсан үзүүлэлт боллоо. Түүнчлэн өрхийн орлого 50 хувиар буурсан гэж судалгаанд хамрагдсан иргэдийн долоо хувь нь хариулжээ. 2026 оны III улирлын хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг VII-IX сарын хооронд явуулсан байна.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан сүүлийн судалгаагаар II улирлын байдлаар өрхийн бодит орлого 2.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар, өмнөх улирлаас 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн энэ хэмжээгээр өрхийн зарлага хумигдсан байна.
Нийт өрхийн 20 хувийг бүрдүүлж буй хамгийн бага орлоготой өрхүүдийн сарын дундаж нийт орлого 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин бага дүн юм.
Бага орлоготой өрхүүд сард дунджаар 633 мянган төгрөгийг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд зарцуулж буй Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин зургаадугаар сараас хойш хүнсний инфляц 25.5 хүртэлх хувиар эрчимжиж, есдүгээр сарын байдлаар 20.8 хувьтай байна.
Засгийн газар үнийн өсөлтийг бууруулахын тулд Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг нэмж, мах, хүнсний ногоо, улаанбуудай зэрэг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч буй. Хэдий тийм боловч 2027 оны төсөв энэ оноос найм орчим их наяд төгрөгөөр тэлж байгаа нь инфляцад нөлөөлж, иргэдэд үнийн дарамтыг улам нэмэгдүүлэхээр байгааг эдийн засагчид тодотгож байна.