logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо 51.5 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 16 11:00
    299

    Зургийг: С.Батсайхан

    Дийлэнх нь барилга, уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй

    Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 36.1 мянган гадаад иргэн ажиллаж байна. Үүнийг өмнөх оны гуравдугаар улиралтай харьцуулахад 51.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн улирлын дүнгээр 19.8 хувиар өсжээ.

    Нийт гадаад ажиллагсдын 70 орчим хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж буй бол 10 гаруй хувийг БНЭУ-ын ажилчид эзэлж байна. Эдгээр хоёр улсын гэрээт ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 46-55 хувиар нэмэгдсэн. Үүнээс гадна Бангладешаас ирсэн ажилчдын тоо 8.1 дахин нэмэгдэж, 1373-т хүрсэн бол Филиппин, Балбаас ирсэн ажилчдын тоо 39-70 орчим хувиар өсөв.

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын 26 хувь нь барилгын салбарт, 21 хувь нь уул уурхай олборлолт, 17.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 11 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, засвар үйлчилгээний чиглэлд ажиллаж байна.

    Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилтны ажлын байрны нэг сарын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон байдаг. Иймд ердийн тохиолдолд нэг гадаад ажилтны ажлын байрны төлбөрт сард 1.6 сая орчим төгрөг төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлбэл гадаадаас ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийн зардал энэ хэмжээгээр өсөх юм.

    Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор 17 аж ахуйн нэгжийн 8205 гадаад ажилтныг 2026 оныг дуустал ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд багтжээ.

    Үүний зэрэгцээ тайлант хугацаанд Монголоос гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 111 иргэн зуучлагдсан байна. БНСУ болон Япон улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсанаас дийлэнх нь боловсруулах үйлдвэр, үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажиллах зорилгоор явжээ.

    Cэтгэгдэл бичих