logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SpaceX”, “Tesla”-ийн нэгдэн, нийлэх түүхэн хэлцэлд ахиц гарав
    Ryan Gould, Siddharth Philip, Dinesh Nair
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 10:40
    45

    Зургийг: Sergio Flores/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Олон улсын хэлцлийн зах зээлд шинэ жишиг тогтоох боломжтой гэж яригдаж буй “SpaceX” болон “Tesla” компанийн нэгдэн нийлэх хэлцэлд ахиц гарч байгааг дотоод эх сурвалжууд мэдээллээ.

    Илон Маскийн тэргүүлэх хоёр компани түүхэн дэх хамгийн өндөр дүнтэйд тооцогдох хэлцлээ хамгийн эртдээ 12 дугаар сард багтаад зарлаж магадгүй байна. Хэдий тийм боловч хэлцлийг зарлах хугацаа 2027 оны эхэн үе хүртэл хойшлох хувилбарыг ч талууд хэлэлцжээ.

    Хоёр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон зөвлөхүүд нэгдэх нөхцөл, нэгдсэний дараах компанийн засаглалын бүтэц зэрэг асуудлаар тохиролцохоор ажиллаж буйг мэдээллээ.

    “SpaceX”, “Tesla” хоёр нэгдсэнээр цахилгаан автомашин, эрчим хүч хадгалах цэнэг хураагуур, пуужин, хиймэл дагуулын бизнесийг нэгтгэсэн томоохон групп бий болно. Энэ нь “Wall Street”-ийн хэлцэл зохион байгуулагчдын хувьд түүхэн хэмжээний нэгдэл болох юм. 

    Хэдий тийм боловч хэлцлийг эцэслэхээс өмнө хоёр компани хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай аж. Тухайлбал: “Tesla”-ийн БНХАУ дахь үйл ажиллагааг нэгдэн, нийлсэн компанийн бусад бизнесээс хэрхэн тусгаарлахыг хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

    “SpaceX”-ийн АНУ-ын Засгийн газар болон батлан хамгаалах салбартай байгуулсан гэрээнүүд үндэсний аюулгүй байдлын хувьд эмзэг асуудал дагуулдаг. Харин “Tesla” БНХАУ-д өргөн хүрээнд, ашиг ихтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Зохицуулагчид болон хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авахад энэ хоёр нөхцөл хоорондоо зөрчилдөх гол хүчин зүйл болно гэж “JPMorgan”-ийн шинжээч Ражат Гупта өнгөрсөн сард харилцагчдадаа хүргүүлсэн судалгаандаа дурджээ.

    Түүнчлэн энэхүү нэгдэл нь АНУ-ын завсрын сонгуулийн дараах улс төрийн орчныг сорих томоохон хэлцэл болох юм. Конгрессын хяналтыг авсан Ардчилсан намынхан Илон Маскийн бизнесийн үйл ажиллагаа болон улс төрийн холбоо, оролцоог шалгахаа мэдэгдсэн байна.

    Хоёр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нэгдэх боломжийг судлуулахаар хараат бус гишүүдээс бүрдсэн тусгай хороод байгуулсан гэж Илон Маск аравдугаар сард мэдэгдэж байв. Хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгосноос хойш “SpaceX” компанийн зах зээлийн үнэлгээ 1.9 их наяд ам.доллар давсан бол “Tesla” ойролцоогоор 1.5 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна. “Tesla” хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 12 дугаар сарын гурванд хийхээр товложээ.

    “SpaceX” болон “Tesla” хэлцлээ 2027 оны эхний хагаст багтаан зарлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө нэгдлээ эцэслэхээр зорьж буйг “Bloomberg News” өмнө нь мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих