
Зургийг: Jean Chung/Bloomberg
(Bloomberg) -- Төрөлтийн түвшнээр дэлхийд сүүл мушгидаг орнуудын нэг болох БНСУ-д дээд зэрэглэлийн хүүхдийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна.
БНСУ-ын Мэдээлэл, статистикийн яамны мэдээлснээр 2025 онд нярай болон хүүхдийн бүтээгдэхүүний цахим борлуулалт 5.48 их наяд вон буюу 4.1 тэрбум ам.доллар хүрч, 2017 оноос хойш ойролцоогоор 67 хувиар өсжээ. Тухайлбал: “Hyundai Department Store” сүлжээний дээд зэрэглэлийн хүүхдийн хувцасны борлуулалт 2026 оны эхний хагаст 50 хувиар өссөн бол өрсөлдөгч “Shinsegae”-ийн борлуулалт 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн “Lotte Department Store”-д өндөр үнэтэй хүүхдийн тэрэг, угж ариутгагч зэрэг нярайн бүтээгдэхүүний борлуулалт хоёр дахин өсжээ.
Энэ нь айл өрхүүд цөөн хүүхэдтэй болох тусам нэг хүүхдэд зарцуулах мөнгө нэмэгддэг чиг хандлагын нэг жишээ юм. Тодруулбал: БНХАУ нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж байх үед гэр бүлийн хөрөнгө нэг хүүхэд дээр төвлөрч эхэлсэн бол АНУ-д “Миллениал” үеийнхэн оройтож төрөн, цөөн хүүхэдтэй болж буйгаас хүүхдэдээ их хэмжээний мөнгө зарцуулах хандлага ажиглагдаж байгаа юм.
БНСУ-ын хувьд хүн ам зүйн үзүүлэлтэд тодорхой ахиц гарч буй. 2025 онд төрөлт өмнөх оноос 6.7 хувиар өсөж, 254.3 мянга орчим хүрсэн байна. Мөн нэг эмэгтэйд ногдох төрөлтийн үзүүлэлт 2023 оны түүхэн доод түвшин болох 0.72 нэгжээс, 0.80 болж өсжээ. Хэдий тийм боловч НҮБ-ын тооцооллоор хүн амын тоог тогтвортой хадгалахад шаардлагатай 2.1 нэгжийн түвшнээс БНСУ-ын төрөлтийн үзүүлэлт хэт доогуур хэвээр байна.